02 August 2015

Уран зохиол өрхийн хүрээнд

Өчигдөр зуслан дээр болсон үйл явдал. Гадаа бороошоод бүгд гэртээ бүгэцгээж байлаа. Дор дороо өөр өөрийгөө зугацуулна. Би laptop-оо асаачихсан, эхнэр tablet бариад хэвтчихсэн, нэг охин тоглоомоо өрж, нөгөө нь ном уншаастай. Хүү болохоор гар утсан дээрээ тоглож байв. Зууханд гал шажигнаад л, бороо цонх тогшоостой.
Охин "Аав, би танд Алтан загасны үлгэр уншиж өгөх үү?" гэхээр нь тэг тэг гэлээ. Би яг кино үзэж дуусаад хийх зүйлгүй болсон байсан юм. Эхэллээ шүү:
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт... гээд л. Миний анхаарлыг дараах хэсэг татав:
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина.
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина.
Эхнэртээ хэллээ: - Пушкин аргагүй агуу яруу найрагч шүү. Аль 200 жилийн өмнө ирээдүйг харж байсан байх нь.
Эхнэр: - Яаж байна? гэж сонирхов.
Би хариуллаа: - Эмгэн утас ээрч гэдгийн цаад утгыг ойлгож байна уу? Тэр үед утас яаж ээрдэг байсан нь ойлгомжтой. Харин одоо үед гар утаснаасаа салахгүй ноцолдохыг утсаа ээрч гэнэ. Миний найз ФБ ухаад утастайгаа зууралдаад суудаг да, тэрийг л хэлээд байгаа юм гэсэн чинь хүүхдүүд инээлдээд: - Аав гоё хэлсэн шүү л гэж байна.
Эхнэр: - За байтлаасаа алтан загасны эмгэн болгочихдог юм байна. Юуч хийхгүй гар утсаа ширтээд гэрийн мухар сахиж байна гэсэн санаа хэлээд байнаа да? Алив ээждээ номоо өгч бай гэснээ тун удахгүй: - Хар усан ундтай хад чулуун нөмөртэй. Энэ хар усан ундтай гэдэг нь яг чамайг хэлж байна гэж авдаг юм. 
Би сая амарч байхдаа ойр ойрхон 2 ч удаа "удаан уулзаагүй найзтайгаа уулзаад ирье" гэж гараад (энгийнээр бол хусаад) маргааш нь бүрсгэрдүү байсан нь үнэн. Зун цагаар хүн амьтан гадаад дотоодоос ирээд уулзаж барих нь олширчих юм байна шүү дэ. Тэрийг цохилдуулж байгаа юм. Гэхдээ би бууж өгсөнгүй: - Алив номоо өгч бай гэж авч байгаад эргүүлж эхэллээ. Олдож байна шүү гоё гоё мөр: - Балай хэрүүлч эмгэнд байшин хэрэгтэй юм гэнэ.
Манай зуслангийн байшин нилээн хуучирч муудсан байгаа. Шинэ байшинтай болох юмсан гэсэн яриа жил болгон л яригддаг. Энэ жил бүр их яригдсан. Цаашлаад: - Шуналт тэр эмгэнд шууд ингэж хэлэв г.м. мөрнүүд байнаа байна.
Эхнэр ном авч эргүүлснээ: - Өвгөний тухай бол олон юм байна өө: мунхаг амьтан ядахдаа модон тэвш гуйхгүй, эргүү тэнэг амьтан чи энэ тэвшийг гуйсан уу гээд л.
Нэг нэгнийгээ шуналт эмгэн, дебил өвгөн болгох гэж гөөмөн их хичээв. Хүүхдүүд л ханатал баясах шив дэ. Александр Сергеевич аргагүй л агуу яруу найрагч байж, хэ-хэ.

No comments:

Post a Comment